МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр                                                                                                                                                 Улаанбаатар хот

Дугаар 50

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд иргэнийг сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

                                                             Монгол Улсын Ерөнхий сайд                                            Л.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                             Монгол Улсын сайд,  Засгийн газрын Хэрэг

                                                             эрхлэх газрын дарга                                                        Ц.НЯМДОРЖ

 

 

Засгийн газрын 2021 оны 50 дугаар
    тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛД
ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТУРШИЛТЫН ХУГАЦААГААР
АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Сонгон шалгаруулалтын зорилго нь Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд тавигдах шаардлага хангах иргэнийг сонгон шалгаруулах замаар тус байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж, байгууллагын зорилго, зорилт, чиг үүргийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

1.3.Сонгон шалгаруулахдаа ил тод байх, адил тэгш хандах, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах, төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах зарчмыг удирдлага болгоно.

Хоёр. Албан тушаалын сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөх зарчим, үе шат

2.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог дараахь зарчмаар сонгон шалгаруулж нөхнө:

      2.1.1.төрийн тусгай хамгаалалтын байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас тэдгээрийн боловсрол, ур чадвар, гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг нь үндэслэн шатлан дэвшүүлэх зарчмын дагуу;

      2.1.2.энэ журмын 2.1.1-д заасны дагуу нөхөх боломжгүй бол холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчдаас, эсхүл төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцөөс;

      2.1.3.сул орон тоог энэ журмын 2.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд сул орон тоо гарснаас хойш 14 хоногт багтаан иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг тухайн албан тушаалын тодорхойлолтын хамт Төрийн тусгай хамгаалалтын газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх)-д ирүүлнэ.

2.2.Сонгон шалгаруулалтыг дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:

      2.2.1.судалгаа хийх;

      2.2.2.мэргэшлийн шалгалт авах;

      2.2.3.салбар зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэр гаргах.

Гурав. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнд тавигдах нийтлэг шаардлага

3.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад анх орох иргэн нь Төрийн албаны тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:

      3.1.1.төрийн тусгай хамгаалалтын байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

      3.1.2.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх (цэргийн жинхэнэ албыг биеэр хаасан бол давуу тал болно);

      3.1.3.оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн байх;

      3.1.4.гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх;

      3.1.5.суралцаж, ажиллаж байсан хамт олны дунд нэр хүндтэй байх;

      3.1.6.бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;

      3.1.7.улс төрийн нам, эвслийн гишүүн бус байх.

3.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад анх орох иргэнд тавих ёс зүйн шаардлага:

      3.2.1.төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих хүсэл эрмэлзэлтэй байх;

      3.2.2.шударга, зарчимч байх;

      3.2.3.ёс суртахууны доголдолгүй байх;

      3.2.4.зан төлөвийн муу зуршилгүй байх;

      3.2.5.харилцааны соёлтой байх;

      3.2.6.үүрэг гүйцэтгэхдээ байгууллага, иргэнээс шан харамж, мөнгөн тэтгэмж авах, авлига, хээл хахуульд өртөхгүй байх, эрс татгалзах чадвартай байх;

      3.2.7.албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах чадвартай байх.

3.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнийг дараахь тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулах, албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болно:

      3.3.1.төрийн тусгай хамгаалалтын байгууллага болон бусад төрийн байгууллагуудаас Төрийн албаны тухай хуулийн 47.1-д заасны дагуу халагдсан, мөн хуулийн 48.1.3, 48.1.4-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд мөн хуулийн 48.6-д заасан хугацаа дуусаагүй бол;

      3.3.2.хуульд заасан бусад үндэслэл.

3.4.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад анх орох иргэн нь энэ журмын 3.3-т заасан хориглолт, хязгаарлалт тавигдаагүй, энэ журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, мэргэшлийн шалгалтад хамрагдаж тэнцсэн байна.

Дөрөв. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд орох иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт

4.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад анх орох иргэн нь энэ журмын 3-т заасан нийтлэг шаардлага, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагаас гадна дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

4.1.1.Бие бялдар, гоозүйн шалгуур үзүүлэлт:

а.бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй байх;

б.биеийн ил харагдах хэсэгт шарх сорвигүй, шивээсгүй байх;

в.биеийн өндөр эрэгтэй 175 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх (хамгаалалтын чиглэлээс бусад тусгай мэргэшил, мэдлэг шаардах албан тушаалд дагаж мөрдөхгүй байж болно).

4.1.2.Боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шалгуур үзүүлэлт:

а.төрийн тусгай хамгаалалтын ахлагчийн албан тушаалд бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой байх;

б.төрийн тусгай хамгаалалтын офицерийн албан тушаалд бакалавр түүнээс дээш боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан мэргэжил эзэмшсэн байх;

в.төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүний их эмчээр ажиллах бол эмчлэх эрхийн гэрчилгээтэй байх;

г.албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын туршлага, ур чадварын шаардлагыг хангасан байх (төрийн тусгай хамгаалалтын байгууллагын үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа бол давуу тал болно).

4.1.3.Анх орох иргэний насны хязгаар:

а.төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан тушаалд        30 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулна;

б.тусгай мэргэжил, мэргэшил, мэдлэг шаардах албан тушаалд     35 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулж болно.

4.1.4.Эрүүл мэнд, сэтгэл зүйн шалгуур үзүүлэлт:

а.мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж, төрийн тусгай албанд тэнцэх эсэх тухай дүгнэлт гарсан байх;

Тайлбар: Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг баримтална.
  
б.сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, оюун ухааны хөгжлийн түвшин, сэтгэн бодох чадвар нь дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байх.

 

Тав. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад орох иргэнийг судлах

 

5.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад орж ажиллахыг хүссэн   иргэн нь тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хандан хүсэлтээ гаргана.

5.2.Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн алба хаагч эрүүл мэндийн дүгнэлтийн хуудсанд байгууллагын нэр, тухайн иргэний эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаарыг бичиж фото зургийг нь нааж, тэмдэг даран баталгаажуулан тухайн хүсэлт гаргасан иргэнд өгнө.

5.3.Иргэн эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв)-т хамрагдах бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэцийн эрүүл мэндийн сорилын дүгнэлт гаргуулна (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож болно). Эмнэлгийн үзлэгт хамрагдахад шаардагдах зардлыг ажилд орох хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

5.4.Ажилд орох хүсэлт гаргасан иргэний эрүүл мэндийн үзлэгт “тэнцсэн” дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан өдрөөс хойш 3 хүртэл сарын хугацаанд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн алба хаагч, сэтгэл зүйч нар судалгааг хийнэ.

5.5.Хүсэлт гаргасан иргэн эрүүл мэндээр тэнцсэн тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан дараахь баримт бичгийг бүрдүүлж хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид өгнө:

      5.5.1.Гурван үеийн намтар (1.Өөрийн, 2.Төрсөн эцэг, 3.Төрсөн эх, 4.Эцгийн эцэг, 5.Эцгийн эх, 6.Эхийн эцэг, 7.Эхийн эх, 8.Эхнэр /нөхөр/, 9.Эхнэр /нөхөр/-ийн эцэг, 10.Эхнэр /нөхөр/-ийн эх гэсэн 10 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй /1 хуудас дээр 1 хүнийхийг/ бичнэ.);

      5.5.2.иргэний үнэмлэхний хуулбар;

      5.5.3.төрсний гэрчилгээний хуулбар;

      5.5.4.боловсролын баримт бичгийн хуулбар;

      5.5.5.сурагчийн хувийн хэрэг;

      5.5.6.ажиллаж, суралцаж байсан албан байгууллага, сургуулийн тодорхойлолт;

      5.5.7.сургалт, дамжаа төгссөн гэрчилгээний хуулбар;

      5.5.8.оршин суугаа баг, хорооны тодорхойлолт (Баг, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт);

      5.5.9.цэргийн үүрэгтний үнэмлэх, архивын лавлагаа;

      5.5.10.нийгмийн даатгал (хөдөлмөр)-ын дэвтрийн хуулбар;

      5.5.11.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өр төлбөртэй эсэх лавлагаа;

      5.5.12.цээж зураг (3*4=6ш, 4*6=4ш), (дээрх баримт бичгүүдийг эх хувийн хамт авч ирнэ).

5.6.Судалгаа явуулж буй хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 5.5-д заасан бичиг баримтуудыг эх хувьтай нь тулган хүлээн авч, хувийн хэрэг нээж, бүрдүүлсэн баримтуудыг судлах бөгөөд шаардлагатай бол иргэнээс нэмэлт лавлагаа, бичиг баримт, тодорхойлолт шаардаж болно.

5.7.Хүнийн нөөцийн асуудал хариуцсан нэгж нь ажилд орохоор судлагдаж буй иргэний ял шийтгэл эдэлж байсан болон эдэлж байгаа эсэх мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаар цагдаагийн байгууллагаас лавлагаа гаргуулан авна.

5.8.Гэр бүл, ахуй амьдралын талаар судалгаа хийхдээ дараахь зүйлийг харгалзана:

      5.8.1.судлагдаж буй иргэний амьдралын хэв маяг, өр, зээлийн талаарх мэдээлэл гэх мэт;

      5.8.2.аливаа гаж зуршил, архидан согтуурах донтой буюу сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж байсан эсэх.

5.9.Нутгийн өөрөө удирдах байгууллага, сурч, ажиллаж байсан сургууль, байгууллагаас дараахь судалгааг хийнэ:

      5.9.1.Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

      5.9.2.гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх;

      5.9.3.сурлага, хөдөлмөр, хүмүүжлийн талаарх мэдээлэл.

5.10.Хүсэлт гаргасан иргэний сэтгэл зүйн байдлыг шалгахдаа сэтгэцийн эрүүл мэнд, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь ажлын онцлогт тохирч байгаа эсэхийг шалгах бөгөөд тухайн иргэний оюун ухааны хөгжлийн түвшинг байгууллагын сэтгэл зүйчээр тогтоолгоно. Сэтгэл зүйн шалгуурыг дараахь аргаар явуулна:

      5.10.1.ярилцлага хийх (тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хандлага, хүсэл сонирхол болон бусад зүйлийг тодруулах зорилгоор урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын дагуу харилцан ярилцах);

      5.10.2.иргэний анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэрэг танин мэдэхүйн үйл явц, бие хүний сэтгэл зүйн онцлог шинж, сэтгэл хөдлөл болон бусад зүйлийг тодорхойлох зорилгоор сэтгэл зүйн сорил авч, дүгнэлт гаргах;

      5.10.3.тодорхой албан тушаалд тавигдах сэтгэл зүйн тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу иргэнийг судалж болно.

5.11.Судалгаа нь төрийн бусад байгууллагаас төрийн тусгай хамгаалалтын байгууллагад шилжин ажиллах албан хаагчид болон төрийн байгууллагаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн иргэдэд нэгэн адил хамаарна.

5.12.Хүний нөөц бүрдүүлэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хуурамч тодорхойлолт, баталгаа гаргах, бусад хууль бус үйлдэл хийхийг хориглоно.

5.13.Судлагдаж байгаа иргэнээр төрийн тусгай хамгаалалтын ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5.14.Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 3, 4 болон         5.5, 5.10-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж, ажилд орох хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэнд тухайн албан тушаалд мэргэшлийн шалгалт авахаас  2-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж оролцох боломжоор хангана.

5.15.Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, холбогдох албан     тушаалтан нь судалгааны тайланг Салбар зөвлөлд хүргүүлнэ.

Зургаа. Мэргэшлийн шалгалт зохион байгуулах, нөөцөд бүртгэх

6.1.Энэ журамд заасан шаардлага болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэн, эсхүл төрийн албан хаагч шилжин ажиллах тохиолдолд мэргэшлийн шалгалт өгнө.

6.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэдлэг, ур чадвар, бие бялдарын болон бусад чиглэлээр авах мэргэшлийн шалгалтыг шалгалтын комисс тухай бүр зохион байгуулна.

6.3.Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн, төрийн албан хаагчийг нөөцийн жагсаалтад бүртгэнэ.

Долоо. Туршилтын хугацаагаар ажиллуулах

7.1.Төрийн жинхэнэ албанд анх томилогдсон иргэнийг 6-12 сар хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулж болно.

7.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийн эрх, үүрэг, хариуцлага нь төрийн тусгай албан хаагчийнхтай адил байх бөгөөд цэргийн цол олгохгүй.

7.3.Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож байгаа иргэнд туршилтын хугацаа хэрэглэх талаар эрх бүхий албан тушаалтан урьдчилан мэдэгдэж зөвшөөрлийг бичгээр авна. Туршилтын хугацаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй нь иргэнийг төрийн албанд томилохоос татгалзах үндэслэл болно.

7.4.Холбогдох эрх бүхий албан тушаалтан албан хаагчийн туршилтын хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг сар бүр үнэлж баталгаажуулна.

7.5.Албан хаагч туршилтын хугацаанд төлөвлөгөөний биелэлт, үр дүнгээр “Маш сайн”, “Сайн” үнэлгээ авсан бол тухайн албан тушаалд жинхлэн томилж, холбогдох журмын дагуу цэргийн цол олгож, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргүүлнэ.

7.6.Албан хаагч туршилтын хугацаанд төлөвлөгөөний биелэлт, үр дүнг         3 удаа дараалан “Маш сайн” үнэлгээ авсан тохиолдолд харьяалах бүтцийн нэгжийн саналыг харгалзан туршилтын хугацааг дуусгавар болгож, тухайн албан тушаалд жинхлэн томилж болно.

7.7.Төрийн тусгай албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчид тухайн албан тушаалын үндсэн цалин хөлсийг олгоно.

7.8.Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч төрийн албанаас Төрийн албаны тухай хууль, энэ журамд заасан үндэслэлээр чөлөөлөгдөнө.

7.9.Туршилтын хугацаанд энэ журмын 7.5-д заасан болзлыг хангаагүй бол туршилтын хугацаа дуусмагц албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргана.

7.10.Сар бүрийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгээр 3 удаа “Хангалтгүй” үнэлгээ авсан бол туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлнө.

7.11.Туршилтаар томилогдсон албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас хална.

7.12.Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.

7.13.Албан хаагчийг туршилтын хугацаанд өөр ажил, албан тушаалд шилжүүлэх буюу сэлгэн ажиллуулахгүй.

 Найм. Хариуцлага

8.1.Энэ журамд заасан хориглосон тохиолдлыг зөрчсөн, мөн судалгааг зохих журмын дагуу хийгээгүй, бүрэн бус материал ирүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн, шаардлага хангаагүй иргэнийг судалж ирүүлсэн бол материалыг буцааж, мэргэшлийн шалгалтад оруулахгүй буюу дүнг хүчингүй болгоно.

8.2.Энэ журмыг зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 
---о0о---

 

Төстэй хуудсууд


Холбоо барих

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.

Утасны дугаар

51-266561

Цахим шуудан

info@sspa.gov.mn


Санал хүсэлт