Урьдчилан сэргийлэх үзлэг гэж юу вэ?

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ гэдэг нь тухайн хүнд аливаа өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө буюу өвчний эрт үед, эмчлэх боломжтой үе шатанд өвчнүүдийг оношлох цогц үйл явцыг хэлдэг. Эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд идэр залуу чийрэг биеэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Хөлийн улнаас зулай хүртэлх биеийн бүх хэсгийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах боломжтой. Гэхдээ ингэх нь хэт их цаг орох, санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг.

Судалгаагаар улсын хэмжээнд 15-34 насны хүн амын дунд БЗДХ-ын өвчлөл харьцангуй өндөр бүртгэгдэж байна. БЗДХ сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус эзэлж байна. Сүүлийн жилийн үзүүлэлтээр 15-34 насанд сүрьеэгийн тохиолдол хамгийн өндөр, хүйсийн хувьд эрэгтэйчүүд 55,1 хувь, эмэгтэйчүүд 44,9 хувийг тус тус эзэлж байна.

Статистик мэдээллээр ходоодны хорт хавдар хожуу шатандаа оношлогддог хавдруудын нэг юм. Нийт тохиолдлын 88% нь 40-өөс дээш насанд бүртгэгдэж, жилд 664 хүн энэ өвчний улмаас нас бардаг байна. Сүүлийн жилийн эрүүл мэндийн үзүүлэлтэд Ходоодны хорт хавдрын 889 шинэ тохиолдол бүртгэгдснээс 64,7% эрэгтэй, 35,3% эмэгтэйчүүд байв. Ходоодны хорт хавдар 100000 хүн амд 28,8 тохиолдол байгаа ба эрэгтэйд 37,9, эмэгтэйд 20 тохиолдол байна. Тиймээс мэргэжлийн эмч нар 40 наснаас эхлэн жил бүр 1 удаа ходоодоо дурандуулахыг зөвлөдөг.

Хеликобактер нь ходоодны хэвийн үйл ажиллагаанд оролцож байдаг бактер бөгөөд хэмжээ ихсэх, амьдрах орчин өөрчлөгдөх зэргээс ходоодны хурц болон архаг үрэвслийн шалтгаан болдог. Иймээс хеликобактерийн илрүүлэг шинжилгээг иммунологийн аргаар амьсгалаас эсвэл бааснаас илрүүлэх нь оношлогооны ач холбогдол бүхий юм.

Элэгний хорт хавдрын тохиолдлын 95% нь 40-өөс дээш насанд бүртгэгдэж, жилд 1742 хүн нас барж байна. Нийт тохиолдлын 81,7% нь хожуу шатанд оношлогддог. Энэхүү статистик мэдээ нь хүн гучин нас гараад ирэхээрээ заавал элэг цөсөө хайрлан, урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж байхыг сануулж буй юм.

2008 оны байдлаар 10000 хүн амд элэгний өвчин эрэгтэй хүн амд 134, эмэгтэй хүн амд 152 байсан бол 2017 онд эрэгтэй хүн амд 169, эмэгтэй хүн амд 249 болж нэмэгдсэн.

Манай орны хувьд элэгний хавдар, хатуурлын дийлэнх шалтгаан нь элэгний В болон С вирүс байдаг. Тиймээс элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ лабораторийн шинжилгээгээр элэг, цөсний биохимийн үзүүлэлт, элэгний В болон С вирүсийн илрүүлэг, мөн элэгний хавдрын маркерийн шинжилгээ хийлгээрэй.

Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчин 10000 хүн амд 1113,7 буюу өвчлөлийн тэргүүлэх 3 дахь шалтгаан, нас баралт 10000 хүн амд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. 2017 оны байдлаар зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу 3 хүн тутмын нэг нь нас барж байна. Ялангуяа 45-аас дээш насны эрэгтэйчүүдийн дунд харвалт, зүрхний цочмог өвдөлтөөр нас барах тохиолдол өндөр байдаг.

Тиймээс ойрын 10 жилд аминд халтай ба халгүй зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвдөх магадлалаа тооцуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал.

 

Түгээмэл тохиолддог өвчнүүдээс урьдчилан сэргийлж, үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.


Contact us

Address

Soul street - 5, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia.

Phone number

51-266561

Email

info@sspa.gov.mn


Get in touch