ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАН НЬ

Монгол Улсын төрийн хамгаалалтын байгууллага нь Хүннү гүрний үеэс үүсч, Их Монгол Улсын үед хүчирхэгжин бэхжиж ирсэн дэлхийн эртний түүхтэй хамгаалалтын албадын нэг бөгөөд түүхт хишигтэн цэргийн зүй ёсны залгамжлагч юм. 

1204 оны хавар Чингис Хаан Наймантай байлдахаар мордохын өмнө цэргээ аравтын тогтолцоонд оруулж, уламжлалт турхаг цэрэгт үндэслэсэн хишигтэн цэргийг байгуулж мянгат, зуут, аравтын захирагчид, урт дурын /чөлөөт/ иргэдийн хөвүүд дүү нараас сонгон авч 80 хэвтүүл, 70 торгууд томилов. 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулснаар төрийн хамгаалалтын үйл ажиллагаа улам нарийсч, хишигтний зохион байгуулалт, дэг журам улам чангарч эрх, үүрэг нь үлэмж нэмэгдсэн байна.

Тулгар төр байгуулсны дараа Чингис Хаан ”…Урьд би 80 хэвтүүл манаачтай, 70 шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж гүр их улсыг хамтатган нэг жолоонд оруулсан тул одоо надад 1000 шадар хишигтэнг ялгаж өг. Хэвтүүл, хорчин, торгуудын хамт түмэн /10 000/ хүн болгож өгтүгэй…” гэж зарлиглаж, хишигтэнг хэрхэн бүрдүүлэх талаар “… Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуут, арваны ноёдын хөвүүд сул хүний /урт дурын буюу чөлөөт иргэд/ хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх бэлгэ эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай.” гэж зарлиг болов. 

 

Ардын хувьсгал ялсан 1921 онд бүх цэргийн командлагч Д.Сүхбаатар, засгийн газрын байрыг хамгаалах болсон бөгөөд энэ ажилд Зөвлөлтийн улаан цэргээс халимаг үндэстнүүдийг сонгон авч тэднийг хамгаалалт, монгол цэргүүдийг сургахад ашиглаж байсан.

Шинэ үеийн төрийн тусгай хамгаалалтын албаны эх үүсвэр 1938 онд БНМАУ-ын Ерөнхий сайд,    ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангийн амь насыг хамгаалах үүрэг бүхий ажилтнуудыг томилсноор Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын тогтолцоонд төр засгийн удирдагчдын амь насны аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай хамгаалалтын шинэ алба үүсэн бий болжээ. 

Үүний дараа Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улсын Бага хурлын дарга нарын бие хамгаалагч нарыг бий болгон, төрийн тусгай хамгаалалтын комиссаруудын групп, тасаг, хэлтэс, газар болон өргөжин хөгжсөн түүхтэй. 

 

 

 

 

 

1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүрээнд тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн актууд хүчингүй болсон, тусгай хангамжийг үгүйсгэсэн үзэл бодолтой холбогдон НАХЯ-ны 3 дугаар газрыг цомхотгосон. Үүнтэй уялдан төрийн хамгаалалттай холбоотой үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгох зорилгоор 1995 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль батлагдаж, Төрийн тусгай хамгаалалтын газар шинэчлэгдэн байгуулагдсан юм.

 


Contact us

Address

Soul street - 5, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia.

Phone number

51-266561

Email

info@sspa.gov.mn


Get in touch