Монгол Улсын Төрийн албаны Төрийн тусгай хамгаалалтын газрын дэргэдэх Салбар зөвлөлийн даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран сургалт зохион байгуулж, албан хаагчдынхаа мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ.
Сургалт зохион байгуулсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Г.Ундармаа нь “Төрд тангараг өргөсөн төрийн албан хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн хувийн ашиг сонирхлоос илүүтэйгээр нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажил, үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг шүү. Ажил хийж байхад, эсхүл ямар нэгэн шийдвэр гаргах үйл явцад өөрийн хувийн ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй, энэ тохиолдолд гагцхүү хуулиар тогтоосон нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг чанд мөрдөж, нийтийн эрх ашигт нийцүүлэн ажиллах ёстой.” гэдгийг анхааруулж хэлж байв.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж нь “Тодорхой цаг хугацаанд төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин хөлс авч байх үедээ Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оролцсон, эсхүл үйлдлээрээ санаатай нэгдсэн л бол НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын дагуу авлигын гэмт хэргийн шууд субьект болдог. Хэдий тухайн албан тушаалтан нь төрийн байгууллагын төрийн үйлчилгээний ажилтан байсан ч авлигын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийнхээ улмаас авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлдэг юм шүү. Авлигын гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээд нь би хувийн ашиг сонирхлын хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаггүй, эсхүл нийтийн албан тушаалтан биш гэж маргадаг боловч энэ нь Авлигын эсрэг олон улсын конвецээр үгүйсгэгддэг шүү.” гэдгийг хэлж, зөвлөхөөс гадна бусад төрлийн гэмт хэргээс ч урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг өгсөн.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН
ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Soul street - 5, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia.
51-260057
info@sspa.gov.mn